Мандахбатын Виртуал Орон Зай

March 16, 2009

Hamersley case

Filed under: Uncategorized — mandakhbat @ 4:33 am

Төмөр зам ба ашигт малтмал олборлолт

 

            Баруун Австралид болсон Hamersley Iron Pty Ltd v National Competition Council (1999)

хэргийн шийдвэр нь төмөр зам нь уул уурхай, ашигт малтмал олборлох, экспортлох үйл ажиллагаанд ямар чухал байр суурь эзэлдгийг маш тодорхой харуулж чадсан.

 

 

 

Төмөр зам ба ашигт малтмал олборлолт

 

            Баруун Австралид болсон Hamersley Iron Pty Ltd v National Competition Council (1999) хэргийн шийдвэр нь төмөр зам нь уул уурхай, ашигт малтмал олборлох, экспортлох үйл ажиллагаанд ямар чухал байр суурь эзэлдгийг маш тодорхой харуулж чадсан.

 

Факт

 

            Хамерслей хэмээх компани бол Рио Тинтогийн охин компани бөгөөд Баруун Австралийн Пилбара хэмээх алслагдмал, зэлүүд,  ашигт малтмалаар асар баялаг нутаг дэвсгэрт зургаан уурхай ажиллуулдаг бөгөөд эдгээр уурхайны тав нь хоорондоо холбоотой, далайн боомт хүртэл нэг төмөр замаар холбогддог байна. Уурхайгаас боомт хүртэлх төмөр замыг Хамерслей компани өмчилж, ажиллуулж байна.

            Роб Ривер Айрон Ассоешэйтэс компани Хаймерслейн ордны ойролцоо нэгэн ордыг ашиглахаар уурхай байгуулж эхэлсэн бөгөөд уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд Хамерслейн төмөр замын зарим хэсгээр дайрч өөрийн төмөр замд хүрэх зайлшгүй шаардлагатай болсон байна.

            1998 оны 9 дүгээр сард Роб Ривер Худалдааны Практикийн хуулийн дагуу Өрсөлдөөний Үндэсний Зөвлөлд холбогдох сайдад үйлчилгээнд хамааруулах талаар зөвлөмж гаргахыг хүсчээ. Хүсэлтэд Роб Ривер өөрийн вагонуудыг ашиглан Хамерслейн төмөр замын зарим хэсгийг ашиглан боомт хүртэл хүдэр тээвэрлэх бөгөөд буцах замдаа хоосон вагон тээвэрлэхээр тусгасан байна. Хүсэлтэд төмөр замын дамжуулан шилжүүлэх үйлчилгээг хэрэглэх талаар ороогүй байна.

            Хамерслей дараахь үндэслэлээр шүүхэд хандсан байна.

-         худалдааны практикийн хуульд заасны дагуу үйчилгээ гэдэгт төмөр замын энэхүү тээвэр хамаарахгүй,

-         1963 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хийсэн гэрээний дагуу Хамерслэй Төмөр Замын Дэд Бүтцийн Байгууламжийн тусгай эзэмшил, хяналтын онцгой эрхтэй байхаар заасан бөгөөд хуульд заасны дагуу энэ эрх нь гэрээний хамгаалагдсан эрх,

-         Өрсөлдөөний үндэсний зөвлөл нь хуульд заасны дагуу төмөр замын энэхүү тээврийг “үйлчилгээ” гэж зарлах, үүнтэй холбоотойгоор өргөдөл хүлээн авах, зөвлөмж өгөх эрхгүй.

 

Шүүхийн шийдвэр

 

Шүүгч Кенни Хамерслейгийн төмөр замын үйлчилгээний байгууламж нь Худалдааны практикийн хуульд заасны дагуу “үйлчилгээ” гэдэгт хамаарахгүй бөгөөд энэ талаар Өрсөлдөөний үндэсний зөвлөл ямар нэгэн зөвлөмж гаргах, хүсэлт шийдвэрлэх эрхгүй гэж үзсэн байна. Хамерслейн төмөр замыг Роб Ривер хэрэглэх нь хамерслейн “үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг ашиглах” гэдэгт хамаарах бөгөөд энэ нь худалдааны практикийн хуульд заасны дагуу “үйлчилгээ” гэдэгт хамаарахгүй юм

Үүний үр дүнд шүүгч Кенни Хамерслейн гаргасан хоер дахь үндэслэлд хариулах шаардлагагүй болсон. Гэхдээ тэрээр “үйлчилгээ” гэдэг Хамерслейн эсрэгээр шийдэгдсэн бол гэрээгээр хамгаалагдсан эрхийн дагуу шийдэгдэх байсан талаар тэмдэглэсэн.

 

Хамерслейн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

 

Шүүгч Кенни үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гэдэг нь  хэд хэдэн дамжлага бүхий үйл явц бөгөөд үүний үр дүнд зах зээлд борлуулах боломжтой түүхий эд үйлдвэрлэгддэг гэж тодорхойлсон. 

Пилбара дахь Хамерслейн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбар бүхий нотолгоог шүүх сонссон. Хамерслейн таван уурхайн бүтээгдэхүүн нь янз бүрийн найрлага, бүтэц бүхий бөгөөд экспортын эцсийн бүтээгдэхүүний шинжийг хангадаггүй нь нотлогдсон. Үүний  үр дүнд Хамерслей уул уурхайн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлдэг байсан. Иймд уурхай бүрээс олборлож буй бүтээгдэхүүн нь экспортын бүтээгдэхүүний тодорхой нэг хэсгийг бүрдүүлж, төмөр замаар тээвэрлэгдэн боомт дээр очсоны дараа тэдгээрийг нийлүүлэн экспортын бүтээгдэхүүн гаргадаг байсан.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үе шат бүхэн, тэр дундаа хүдрийг зөөхөөр төмөр замыг ашиглаж буй үйл явц нь бүхэлдээ экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн маш нарийн холбоотой үйл ажиллагаа юм гэж шүүгч үзсэн. Боомт хүртэл тээвэрлэгдэхээс өмнө зах зээлд борлуулах бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн баримт олдоогүй.

Төмөр замыг ашиглаж байгаа нь Хамерслейн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат дараалсан үйл ажиллагааны нэг хэсэг, түүний үйлдвэрлэлийн үйл ажиллагааны дотоодын залшгүй шаардлагатай хэсэг гэж шүүгч үзсэн.

 

Роб Ривер-ийн “үйлчилгээ” гэж үзсэн хэсэг нь Хамерслейн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хөндөх үү?

 

Товчхондоо, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүхэлд нь өөр этгээдэд шилжүүлж болох хэдий ч түүний зарим хэсгийг тухайлбал, төмөр замаар тээвэрлэх, гэсэн хэсгээр шилжүүлвэл энэ нь худалдааны практикийн хуульд заасан “үйлчилгээ” гэдэгт хамарахгүй гэж үзсэн. Уг асуудлыг хөндөхдөө шүүгч Rail Access Corporation v New South Wales Minerals Council Ltd (1998) хэргийг мөн иш татсан.

 

Дүгнэлт

 

Хамерслейн үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан төмөр замыг ашиглаж байгаа нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны дотоод нэг хэсэг болж байсан. Төмөр замыг ашиглахаар хүсэлт гаргасан Роб Риверийн үйлчилгээ гэдэг нь энэхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагааг (тодруулбал, том үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зарим хэсгийг) ашиглах гэдэгт хамаарч байгаа юм. Иймд Хамерслейн төмөр замын тодорхой хэсгийг ашиглуулахыг Өрсөлдөөний Үндэсний Зөвлөл сайдад зөвлөмж болгох эрхгүй буюу энэ нь хуульд заасан “үйлчилгээ” гэдэгт хамаарахгүй юм.

 

  Энэ шүүхийн шийдвэр болон Өрсөлдөөний Үндэсний Зөвлөлтэй холбоотой хувийн өмчийн дэд бүтийг гуравдагч талд хэрэглүүлэхтэй холбоотой маргаан нэлээд сонирхолтой бөгөөд Монголын хувьд ирээдүйд үүсч болох маргаан тул зохицуулалтыг урьдчилан хийх, түүнд бэлтгэх хэрэгтэй байгаа юм.

 Хэрэв шүүх асуудлыг Өрсөлдөөний Үндэсний Зөвлөлийн талд шийдвэрлэсэн бол төмөр замыг ашиглах нь “үйлчилгээ” гэдэгт хамарах бөгөөд талууд үйлчилгээг ашиглах нөхцөл, үнэ зэргийг харилцан тохиролцох естой юм. Талууд үнэ, нөхцөлөө харилцан тохиролцож чадаагүй бол Австралийн Өрсөлдөөн, хэрэглэгчийн комисс гэрээний нөхцөлийг тодорхойлж өгөх юм байна.

 

BHP Billiton Iron Ore Pty Ltd v National Competition Council (24 september 2008 ) хэргийг Австрали Улсын дээд шүүх шийдэхдээ Fortescue компани нь BHP, Rio Tinto-н төмөр замыг ашиглах эрхтэй бөгөөд төмөр зам нь гуравдагч  талд нээлттэй байх буюу Худалдааны практикийн хуульд заасны дагуу “үйлчилгээ” гэдэгт хамаарна гэж үзсэн. /өөрөөр хэлбэл энэ шийдвэр нь шинэ прецедентийг тогтооц байгаа юм./

 

 

 

Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Монгол Улс, Улаанбаатар хот

2009 оны 03 дугаар сарын15

 

mandakhbat@yahoo.com

 

 

 

 

 

 

 

 

No Comments Yet »

No comments yet.

RSS feed for comments on this post.

Leave a comment

Blog at WordPress.com.