Найз нартаа бичсэн захидал
Найз л та нартаа захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан, үзэл бодол минь хувирлаа
Үеийн та нартаа би захидал бичихийн учир
Үзэх ёстойг үзэж, дуулж болохыг дууллаа
Үг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Үймээн аймаан, багын зан минь хувирлаа
Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй
Намайг ямар явсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй минь сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж, найзын ёсыг огоорч
Нам гүмхэн буланд нарлах цаг минь үлдлээ
Саваагүй нь үнэн гэлээ ч шүлэгч хүний сэтгэл
Салхины чиг заадаг дунд сургуулийн багаж шиг
Өглөө заасан чигээ орой солих учиргүй ч
Өсөх өтлөх хуульд хэмжээ гэж байдаг байна
Хүний мөс гэж би хүнд сайныг боддогсон
Хүмүүсийг гэсээр яваад өөрөө хохирох ёсон байна
Хүртсэн энэ бие, олдсон авьяас хоёртоо
Хүнийрхүү явах юм бол амьдрахын хэрэг юун
Амьдрал гэж би залуу цагийн мөрөөсөл
Алдаа оноо алагласан алсын харгуй зам
Амраг бүсгүйн хүзүүн дээрхи цус хурсан толбо
Архин дээр унших шүлэг, найз нар гэж боддогсон
Эдэлсэн хураасан юмгүй, алдрын титэм өмсөх
Эхнэрээ хоолгүй орхиод, архидаж завхарч явах
Эрх чөлөөний тухай ам мэдэн дэмийрэх
Энэ бүхэндээн би өөрөөсөө ч хайртай явлаа
Ингэж явлаа гээд гийсэн нь аль вэ? гэж
Ихэнхи хүмүүс асуудагсан, тэд ч бас тэнэг байж
Эрэггүй урссан гол шиг хавийн газрыг чийглэж
Элсэн биедээ хүртэл цэцэг ургуулж явсан юм
Залуу цагийн нөхөдтэй салхи залгиж явсных
Замбуу тивийг ойлгож хүмүүсийн ёсыг таньжээ
Зүрхний тольтон дээр минь тонгочиж өсөх шүлгийн
Зүүд зөнд багтамгүй онгод цадгийг олжээ
Саванд буцалсан юмны гарах нүхийг бөглөвөөс
Санаандгүй нэг газраараа тэсэрч гарах ёс бий
Сагсуу залуу насандаа дэндүү задгай явсных
Сайн бүхнийг ч оллоо, муу нэрийг ч хүртлээ
Одоо яахав, надад эрлийн биш бүтээлийн цаг
Олохын төлөө биш, олсноо эдэлхийн төлөө үе
Овон товонтой замаар үсээ цайтал тэнэж
Орчлонд гайхуулах юм шүлгийн төдий үлдэж
Эсэн бусын дэвэргэл, зугаа наадам, хэрүүл
Энд тэндхийн үдэшлэг, гашуудал, талархал, дурлал
Элбэг сэтгэл гаргах туслах, услах, цуслах
Энэ бүхэнтэй баяртай үймж дарвиж ханалаа
Шидийг олох, эрдэм хутгийг олох увдисийг ч
Шимтэж сурахсан гэж нойргүй хонохын гарз
Шинээр бичих шүлэгт нэгэн шаг нэмэхгүй юм бол
Шинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна
Хэн нэгнийг гийгүүлэхгүй бол ялихгүй туслаад ч яахав
Хэрвээ өөрөө хохирох юм бол гийгүүлж туслах ч яамай
Амьтанд балгүй явбал агуу тус минь тэр
Аминдаа арчтай байвал алдар гавьяа минь тэрээ
Хүнд хүн хэрэгтэй гээд хүртсэн бүхэнтэй наалдсанаас
Хүндлэх ёстой нөхөр тоотойхон байвал дээр
Хэтэрхий задгай нөхөр юу руу ч түлхэж магадгүй
Хэт нь тэгээд хүнд зүсэм талх л үнэнч байна
Сайхан хүүхэн ч гэсэндээ цаанаа ямар хүн бэ?
Сар шиг гялгар мөртлөө хүйтэн цэвдэг бол яана
Сав болоод хэмжээ нь бусдын л адил болохоор
Саруул гэгээн дүр нь шүлэгт л хэрэгтэй юм шив
Шүлэг бие хоёрыг минь хумсын төдий хүндэлдэг бол
Шүдтэй шүдгүй хамаагүй, хар цагаан ялгаагүй
Нойрт жаахан сэргэг, амьдралд жаахан үнэнч бол
Номтой номгүй нь ч яамай, бие нь л бүтэн бол
Эцсийн эцэст тэгээд өөрөө өөртөө нөхөр
Эрслээд ирэх аюулд өөрөө өөртөө үнэнч
Энэнээс бусад нь цөм хуурамч байдгийг ухаарлаа
Эрх чөлөө гэдэг хүнд биш, өөрт байна
Аргиж наргиж явсан урьдын нөхөр чинь хувирч
Адайр зожир өвгөн улсын дунд замхарна
Алтан сайхан өдрүүдэд миний ямар явсныг
Алаг хонгор зүрхэндээ найз нар минь хадгалаарай
Харин ганцхан юм үүрд хэвээрээ үлдэнэ
Харанхуй шөнөөр ирсэн ч үүдээ яаран тайлж
Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих
Халх шүлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна
Урьдын адил би шүлгэндээн үнэнч явна
Унан босон ханилсных шүлэгтэйгээн үхнэ
Уруулын тухай, сархдын тухай, хүний тухай бичнэ
Улсын тухай, засгийн тухай харин бичихгүй
Найрагч явна гэдэг бусдын харахад сайхан ч
Нас биед цөвтэй, хатуу хөдөлмөр юм
Хорин хэдэн насныхаа чөмгийг дундартал суусан
Хоолгүй өдөр, нойргүй шөнөөрөө хорвоод би бахархана
Буруу ч бай, зөв ч бай өврийн хулгар дэвтэр дээрхи
Бусад хэний ч бичээгүй, өөрийн шүлгээрээ баярхана
Алдсан ч бай, оносон ч бай шүлгийн минь зовлонг хуваалцаж
Архидаж наргиж явсан нөхдөөрөө би омгорхоно
Насан бага л цагаас миний чиний гэлгүй
Найраг хэмээх ээжийн нэгэн сүүгээр амалсан
Биеийн биш, сэтгэлийн ахан дүүс минь
Бишгүй их наргилаа, жинхэнэ шүлгээ бичье.
Р. Чойном
———-оОо——–
Р.Чойном Жаргал зовлон
Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж
Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу?
Үгүй ээ
Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгаль
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амттаны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч хувьдаа
Буйдхан тэнэж явахыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл, хүн тоохгүй унаатай
Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй
Амиа борлуулж суухыг
Алд биений жаргал гэнэ
Арчаа байхгүйн зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ
Гэтэл, халагдахаасаа өөр сэтэргүй
Хавийнхныгаа айлгах сэнтэнгүй
Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
Хал балгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг
Зарим нь ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ
Гэтэл амьдрал мэдэхгүй багачуудыг
Амрагаа болгож аваад
Ноолуулж эрхлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ
Ай, элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй
Ай даа, хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдаг юм бол оо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай
Энэ үеийн бидэнд уух ус идэх талх шиг
Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай
Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусаж төрсөн юм
Унахдаа дуулж төрөөгүй ээ, уйлж төрсөн юм
Өргөс ихтэй энэ хорвоод
Өөрөө ч мэдэлгүй зовлон тоочсон нь тэр
Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардаг юм
Олон зууны, олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь их ээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?
Үгүй ээ, барагдах нь байтугай, багассан ч үгүй
Үндсийг нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт зовлонгоо ургуулж, үржүүлж
Бие биендээ тараасаар байна
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрдөг хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй, чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун олны өмнө нэрэлхэж
Гангалж бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хонуут өнжүүт огьж бөөлжөөд
Хоосон хохийн шартахын зовлон эдлэнэ
Унд хоол байсаар байтал тамхины
Утаа залгилж, бохь зажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино.
Хүсч өөрийг нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой, мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилж цамнадаг
Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй, хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрэндээ үе удмаараа
Харгислуулж гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил, нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ,
Хүсэл чинь их, ухаан чинь урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөж
Эртнээс эдүгээ хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн та нар зовсоор байх юм уу?
Comment by Orhon — October 13, 2010 @ 4:38 am |