Булгидаг хэд
Манай хэлтсийнхэн яг арван гурван хүнтэй. Сумын улаан булан шиг ганц том зааланд цөм суух агаад хэлтсийн дарга маань том хүрэн ширээгээ тохойлдон хэн юу хийж байгааг харуулдан тооны шалгалт авч байгаа багш шиг байдаг юм. Тэр ердөө цаг бүртгэх, биднийг зэмлэх хоёр том албатай.
Булгидаг хэд
Манай хэлтсийнхэн яг арван гурван хүнтэй. Сумын улаан булан шиг ганц том зааланд цөм суух агаад хэлтсийн дарга маань том хүрэн ширээгээ тохойлдон хэн юу хийж байгааг харуулдан тооны шалгалт авч байгаа багш шиг байдаг юм. Тэр ердөө цаг бүртгэх, биднийг зэмлэх хоёр том албатай. Түүнийг бөгс өндийвөл ч бид ёстой л нуруугаа тэнийлгэж гарна даа. Даргынхаа тухай л шуугчихна шүү дээ. Гол нь түүний тэнэг мулгуу шаардлага, адайр зангий нь дуудаж дуудаж эцэст нь ийм амьтнаар удирдуулж суудаг бид мөн заяагүй улс аа. Яаж зайлуулна даа хэмээн шогшролдож байтал дарга ороод ирвэл шумуул шунгинасан ч дуулдахаар нам гүм болно. Үнэндээ ч дарга маань заримдаа мөн л боож үхмээр шаардлага тавина шүү дээ. Бараг л ус руу хувцастайгаа ороод норолгүй гарч ир гэнэ. Тэгэхэд нь бид “За тэгье ээ дарга аа, тэгье” гэж хэлнэ. Дарга сууж л байвал бид нусаа татаад хурнийж сууна. Хэрэв босго даваад хормой нь далд орвол ч дуусаа л даа.
Бидний ганц хүсдэг хүн бол Баатар. Тэр манай ахлах мэргэжилтэн. Чадал боловсрол ухаан гурав нь тэнгэр баганадсан, шударга гэж жигтэйхэн. Бид түүнийг шударга Баяа гэж дуудна. Тэр л даргын өөдөөс юм дуугардаг хоншоортой аавын хүү. Бид түүнийг даргаа болгоно гэж амны уншлага болцгооно гээч. Гэтэл ч хүссэн юм хүзүү сээрээр гэгчээр дарга минь ажлаасаа мултарч орхив. Мултрах ч юу байх вэ, зайлуул, тэтгэвэртээ гарч байгаа юм. Захиргаанаас, Баатарыг манай дарга болголоо. Ёстой нүдээ оллоо доо гэж бид хөөрцгөөн түүний ширээг нэг орой угаалаа
. Сар боллоо, хагас жил өнгөрлөө. Гэтэл Баатарын эзгүйд манай өндөр Шүрээ, “Баатар ч бас тэгж байгаад их хэнхэг амьтан уу даа? Хагас өдөр дэлгүүрт оочерлоод ирсэн чинь нэг их юм болоод байж гэнэ. Шударга шударга гэхээр бүр нударга болох нь шив.” гээд ширэв татлаа. Энэ ярианаас хойш Баатар дарга маань буудлагын талбайн бай шиг бидний үгэнд өртлөө.
- Залуу хүн байж бөөн хар хүнд суртал.
- Нэр төр хөөцөлдөөд л..
- Бас хүүхэнд их дуртай..
- Бас их долигонуур нөхөр …
Ингэж зүв зүгээр байсан Баатар минь дарга болсны гайгаар нударга Баатар хоч зүүлээ. Түүнийг эзгүйд “Энэ Баатарын оронд Ганбатыг тавих юмсан” гэдэг яриа цухалзах боллоо. “Ганбат ч цаадахыг чинь бодвол тун нуруутай залуу шүү. Түүгээр дарга тавивал ч бид гялалзуулаад өгнө л дөө” хэмээн үглэдэг болов. Нэг мэдсэн чинь Баатар дарга ондоо газар дэвшиж, оронд нь Ганбатыг үүрэг гүйцэтгэгчээр тавилаа. Бид бас л Гамбаагийнхаа ширээг мялааж, халуун гарыг нь цөм атгацгаав. Хүүхнүүд маань хацар дээр нь шовхийлгэн үнсэнэ.
- Ганбат ч гялалзуулж байна шүү.
- Аргагүй л удирдах ажлын авьяастай хүн юм.
- Хүнтэй нийцтэй ухаалаг, шударга зантай. Ай даа, явна даа хэмээн шинэ
даргыг магтаал хайрын үгээр будаж гарлаа. Ганбат дарга болоод жинхэлснээс хойш арван сарын дараа гэнэт нэг өдөр манайхны нэг нь,
- Гамбаа бас тэгж байгаад их хувийн явцуу амьтан байна шүү!
- Одооноос нэг л бэртэгчин шинж илрээд байгаа юм.
- Дэндүү хөнгөн хийсвэр..
- Бусдынхаа ахуй амьдралыг боддоггүй даргаар бид яах ч юм билээ дээ.
- Чухам аа чухам! Ганбатын дарга ч яамай байна аа. Гэсэн яриа харуулын
зоргодос шатаж байгаа мэт “шажигнаж” эхэллээ. Бид хэд мөн л араар нь ухдаг аргаараа оролдоцгооно. Ганбатыг эзгүйд бид ажлаа хийхээ болиод зөвхөн түүний муу муухайг нь худал үнэн яриагаар уудалж дундаа хаяад эргэн тойрноос нь нулимдаг болов.
- Ийм даргатай байхад би лав галзуурах юм байна.
- Ганбаагаар удирдуулснаас сармагчнаар зааж залуулбал арай дээр.
- Би ч харахаас зэвүү хүрээд байдаг боллоо. Нүд нь хүртэл хуучнаасаа
долир болчихсон юмуу даа гэхчлэн Ганбатыг авах юмгүй болтол намналаа.
Эмель миний хүслээр илбэт цурхайн тушаалаар гэгчээр Ганбат сургуульд аспирантурт явж бид даргагүй болов.
Ийнхүү бид ажил хийдүүлэх нь хийдүүлж ёстой л эзэнгүй гэрт ишиг хурга хашсан мэт байтал нэг удаа,
- Ерөөсөө Дорлигоороо дарга тавина аа гэж миний нэрийг дурдацгаалаа
шүү. Бурхан өршөө! Би тэгж та нарын идэш болохоо больё гэж золтой л хашхирчихсангүй. Гэвч дарга болгоно гэдэг нь тийм ч аягүй биш дуулдаж байна шүү.
Гай таарахад намайг хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч болгож орхилоо. Манай хэд дороо цовхчоод миний гарыг ээлж дараалан атгаж ширээг минь цөм илцгээв.
Би хэдэн сар өрөөнөөсөө цухуйсангүй. Хамгийн эрт ирж хамгийн сүүлд тарна. Энэ бол миний ганц арга. Учир нь би гадагшаа л гарвал нөгөө хэдийнхээ араас “Марш” болно шүү дээ! Ай даа манайх шиг даргаа тогтоодоггүй булгидаг хэлтэс бий гэж үү.
1985 он.
Ж.Барамсай “Хэцүү урилга”, 148-150 хуудас